“Мөнгөн Гүүр” эмнэлгээр үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг анхааруулав

A- A A+
“Мөнгөн Гүүр” эмнэлгээр үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг анхааруулав

1-р сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна.  

Баянгол дүүргийн 6-р хорооны 43А байранд орцоор дамжин 6 хүн халдвар авлаа. Тус орцонд "Мөнгөн Гүүр" эмнэлгийн сувилагч амьдардаг тул тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгч, сахиур 141 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг эмчээс коронавирус илэрлээ. 140 хүнээс вирус илрээгүй. 

Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. Тус газрын 171 хүнийг шинжилгээнд хамруулж, 20 хүнийг тусгаарласан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа.

Орхон аймгийн тухайд “Ачтан элит” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байвал шинжилгээнд хамрагдахыг мөн анхааруулсан бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байгаагүй аж.

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь үйлчлүүлэгчдэдээ COVID-19-ийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байжээ.