Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлттэй танилцав

A- A A+
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлттэй танилцав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.07/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг сонсож танилцав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ц.Нанзаддорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн дүгнэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэллттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд үүгээр цэцийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцлаа.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс