Коронавирусын халдвар дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед айл өрх, албан байгууллага бүр тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх нь хамгийн чухал болоод байна. Гэхдээ халдваргүйжүүлэлт хийхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь гол байгаа юм. Тиймээс хүний эрүүл мэндэд хоргүй “Гипон” халдваргүйжүүлэх бодисын талаар сонирхлоо.
-Цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн асуудал чухал сэдвүүдийн нэг болоод байна. Халдваргүйжүүлэлтийн талаар, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлаар хэрхэн халдваргүйжүүлэлтийг хийх вэ?
-Манай улсад ариутгал, халдваргүйжүүлэх бодисын асуудлыг Эрүүл мэндийн яам, Химийн бодисын хордлого зохицуулах зөвлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төв бүртгэж зохицуулж хяналт тавьж байдаг. Сүүлийн жилүүдэд химийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын хэрэглээ, тэр дундаа халдваргүйжүүлэх химийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл асар их болж байна. Мөн COVID19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн халдваргүйжүүлэх бодисын хэрэгцээ, үйлчлэх хүрээ, хор аюул зэргээс шалтгаалан хийх сонголтуудтай тулгараад байна.
–Халдваргүйжүүлэх бодисыг хаана, ямар үед ашиглах ёстой вэ?
-Халдваргүйжүүлэх бодисыг өмнө нь зөвхөн өндөр эрсдэлтэй гэж үздэг байсан эмнэлэг, эмийн болон хүнсний үйлдвэрт ашигладаг гэсэн ойлголттой байсан бол одоо гэр орон, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг банк санхүү гээд эрсдэл өндөртэй газруудад гадаргуугийн болон дотоод орчны агаарын халдваргүйжүүлэлтийг маш өргөн хүрээнд хэрэглэх шаардлага тулгарч байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гэр орондоо тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхийг эрүүл ахуйчид сүүлийн үед зөвлөж байна.
-Орчны агаарын халдваргүйжүүлэлтийн талаар товч мэдээлэл өгнө үү.
-Орчны агаарыг халдваргүйжүүлэхэд ууршуулах аргаар халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн халдваргүйтгэлийн хаалга ашиглагдаж байна. Гэхдээ эдгээрт ашиглагдах бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх шаардлагатай. Өнөөдөр хлор, спиртийн нэгдлүүдийн агууламж өндөр, халдваргүйжүүлэх идэвхтэй бодисуудыг угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд өргөнөөр ашиглаж байна. Гэвч тухайн барилга байгууламж дотор удаан хугацаагаар ажиллаж байгаа эмч сувилагч асрагч болон бусад ажилтан ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд тодорхой хэмжээний химийн бодистой агаараар амьсгалснаар удаан хугацааны буюу архаг өртөлт, хордлогод өртөх эрсдэл бий.
Бидний дунд элдэв төрлийн хорт хавдар, астма, аллерги, харшилтай хүмүүс сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа, энэ нь элдэв ахуйн цэвэрлэгээнд ашигладаг угаалгын нунтаг, шингэн, цайруулагч болон бусад хурц үнэртэй элдэв химийн бодисуудын замбараагүй хэрэглээтэй холбоотой байдаг талаар нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарын эрдэмтдийн судалгаа маш их байдаг.
Иймд гэр ахуй, ажлын байр болон өндөр эрсдэлтэй газруудад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, халдваргүйжүүлэх идэвхи өндөртэй бүтээгдэхүүнүүдийг сонгох зайлшгүй шаардлага гарч ирж байна.
-Та иргэдэд халдваргүйжүүлэлтэд юуг анхааруулах вэ?
-Мэдээж хамгийн чухал нь халдваргүйжүүлэх идэвхи сайтай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бодисыг хэрэглэхийг зөвлөнө.
Одоо халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисуудыг өндөр бохирдолтой, эрсдэлтэй газруудад тохирох найрлага, концетрацийн дагуу ашиглах нь зүйтэй. Тухайлбал, өндөр бохирдолтой гадаргуугийн халдваргүйжүүлэлтэнд, тухайн хэрэглээнд тохирох хүчтэй бодисыг ашиглахыг зөвлөдөг. Бохир ус цэвэрлэх байгууламжинд ашиглагддаг кальцийн гипохлорит буюу бидний мэдэх хлорын шохойг ахуйн орчинд ашиглах нь аюултай. Тэр хүчтэй бодисыг орчны агаарыг халдваргүйжүүлэх зорилгоор ууршуулсан тохиолдолд хлорын хийн хортой уураар дотор нь амьдарч буй хүн амьсгалах болдог.
Хэрэглэгчид буюу жирийн иргэд хурц үнэртэй байх тусам сайн халдваргүйжүүлдэг гэсэн сэтгэхүй, ойлголттой байдаг. Гэвч энэ нь нөгөө талаараа хоруу чанар өндөртэй бодис хэрэглэж байх магадлал ихтэй. Учир нь зарим байгалийн болон нийлэг аргаар гаргаж авсан үнэрт бодисууд нь их хэмжээний чөлөөт хлор ялгаруулдаг, мөн ароматик буюу бензолын уламжлал агуулсан бодисууд байдаг. Эдгээр нь удаан хугацаагаар өртсөн тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Чөлөөт хлорын агууламж өндөртэй бидний мэдэх жавелион, клорсепт буюу натрийн дихлоризоцианид-уратын таблеткан бэлдмэлүүд, хлорамин, хлорын давхар исэл зэрэг бодисууд, бүх төрлийн спиртийг агаарт ууршуулж хэрэглэхийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тухайн бодисуудын идэвхтэй найрлагад байх хлорын нэгдлүүд нь өндөр тунгаар агаарт ууршсан тохиолдолд дээр дурдсан хордлого үүсгэж болно. Харин гадаргуугийн халдваргүйжүүлэлтэд ашиглахад үр дүнтэй юм.
– Танай компанийн үйлдвэрлэж байгаа “Гипон” халдваргүйжүүлэх бодисын талаар мэдээлэл өгнө үү?
-Бид орчны агаар болон гадаргуугийг халдваргүйжүүлэхэд сүүлийн үеийн цахилгаан химийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлсан ГИПОН хэмээх халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. ГИПОН халдваргүйтгэлийн уусмал нь Монгол улсад ашиглаж болох ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн туршилт, судалгаагаар халдваргүйжүүлэхэд ашиглаж болох нь батлагдсан. Уг бүтээгдэхүүний үндсэн найрлага болох гипохлорын хүчил нь хүчтэй халдваргүйжүүлэгч шинж чанартай боловч хүний эрүүл мэндэд хоргүй бодис.
Япон зэрэг хөгжилтэй улс орнуудад цахилгаан химийн аргаар саармаг шинж чанартай, хүний эрүүл мэндэд дагалдах нөлөөгүй, маш бага агуулгатай байсан ч маш өргөн хүрээний бактер вирус устгах чадвартай бүтээгдэхүүн гарган авах технологийг хөгжүүлж чадсан байна.
-Танай бүтээгдэхүүнийг хаана ашиглаж болох вэ?
-Манай бүтээгдэхүүнийг эмнэлэг, цэцэрлэг, сургууль, оффис, ресторон, сургалтын төв, фитнесс, банк зэрэг хүн ам олноор цуглардаг газарт орчны агаар халдваргүйжүүлэх, мөн гэр ахуйн цэвэрлэгээ, элдэв үнэр дарах, арьс цэвэрлэх, гоо сайхан, нянгийн бохирдолтой гадаргуу халдваргүйжүүлэх (махны мод, хутга г.м), арьсны зарим төрлийн хүнд гэмтэл, өвчин, түлэгдэлт, шархлаа, нүдний зарим төрлийн халдвар, өвчний эмчилгээнд, зоонозын өвчний халдваргүйжүүлэлт, хүнсний зах, мал, амьтны ферм, бой, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн халдваргүйжүүлэхэд, зарим төрлийн хортой бодис, хлорорганик пестицид, дэгдэмхий органик бохирдуулагчдыг саармагжуулах зэрэг маш өргөн хүрээнд ашиглах боломжтой.
-Бусад улс оронд хэр өргөн ашиглагддаг вэ?
-АНУ, Япон, БНХАУ, БНСУ, Канад, Европийн холбооны улсууд манай бүтээгдэхүүнтэй ижил физик химийн шинж чанартай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ашигласны дараа хортой үлдэцгүй бодисыг өргөн хэрэглэсээр байна. Уг бодисыг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах байгууллага (EPA), Хөдөө аж ахуйн байгууллага (USDA), Хүнс, эмийн байгууллага (FDA)-ын хэрэглэж болох халдваргүйжүүлэх бодис, пестицидийн жагсаалтад “harmless” буюу “аюулгүй” ангилалд 2017 оны 1811 тоот бүртгэлийн дугаартай оруулсан байдаг бол Японы Нийгмийн хамгааллын яамнаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ангилалд бүртгэсэн байдаг.
2002-2003 онд БНХАУ-д гарч байсан SARS (SARS-CoV) өвчний дэгдэлтийн үед ариутгал, халдваргүйтгэлийн зорилгоор ашиглаж байсан. 2019 оноос дэгдээд буй COVID-2019-ийн вирусын тархалтын эсрэг БНХАУ, Япон, БНСУ-д өргөн хүрээнд ашиглаж байна. Иймээс манай улсад энэ бүтээгдэхүүнийг ашиглаж одоо дэгдээд буй амьсгалын замын цочмог халдварын тархалтын эсрэг арьс, гадаргуу, орчны агаарыг ариутгах зориулалтаар ашиглахад тохиромжтой.
-Гипон ашиглахад анхаарах зүйлс байгаа юу?
-Гипон нь хүн болон хүрээлэн буй орчинд хоргүй бүтээгдэхүүн юм. Уг бодисыг ашиглахдаа нарны шууд тусгалтай газар хадгалахгүй байх, мөн саваа таглаагүй удаан орхих нь үйлчлэлийг бууруулдаг тул анхаарах хэрэгтэй. Тиймээс худалдан авснаас хойш аль болох хурдан ашиглах, нарны гэрэл тусахгүй хуурай сэрүүн орчинд агаар оруулахгүйгээр сайтар таглан хадгалахыг зөвлөдөг.