"Доха Мастерс"-ыг зорьсон шигшээ баг 69 орноос 13 дугаар байрт шалгарлаа

A- A A+

 

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн “Doha-2021 World Masters” Катарын Доха хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд боллоо.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдсөн. Үүнд манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцов.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарлаа.

Тэмцээнийг 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Франц улс тэргүүлсэн бол Өмнөд Солонгос, Япон, Гүрж улсууд удаалав.

Шигшээ багийн дасгалжуулагч: 

  • Монгол улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х. Болдбаатар, 
  • ОУХМ П.Нямлхагва, 
  • ОУХМ Ч. Болдбаатар

Эрэгтэй тамирчид:

  • -60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/
  • -60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
  • -66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/
  • -66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/
  • -73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • -81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/
  • -81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй тамирчид:

  • -48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/
  • -48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/
  • -52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга/
  • -52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
  • -57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/
  • -63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/

“Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас Катарыг зориогүй юм.

Сүүлийн Мастерс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртэж байжээ. “Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна. 

ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу Ковид-19-ийн 2 удаагийн шинжилгээгээ өгөөд 8-нд явсан баг тамирчид маргааш эх орондоо хүрэлцэн ирнэ. Тэд 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгарлалтанд ороод олон улсын "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм.