Жозеф Байден дэлхийн 40 гаруй орны төр засгийн тэргүүнийг Цаг уурын цахим дээд уулзалтад урилаа

A- A A+
Жозеф Байден дэлхийн 40 гаруй орны төр засгийн тэргүүнийг Цаг уурын цахим дээд уулзалтад урилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден дэлхийн 40 гаруй улс орны төр засгийн тэргүүн нарыг Цаг уурын асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтад урьжээ.

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ нар цахим уулзалтад уригдсан байна.

Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены даргалах Цаг уурын асуудлаарх цахим дээд уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд болох юм байна.

Энэхүү цахим дээд уулзалтад уригдсан улс орнууд нь дэлхийн хүлэмжийн хий ялгаруулалт болон ДНБ-ий эзлэх хувиараа тэргүүлдэг улс орнууд юм байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж, байгаль цаг уурын аюултай нөхцөл байдалтай тулгарч байгаа орнуудыг ч мөн энэхүү цахим дээд уулзалтад урьжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа хүчин чармайлтад гол анхаарлаа хандуулах юм байна.

Түүнчлэн цаг уурын нөхцөл байдлыг эдийн засгийн боломж болгох, ялангуяа ажлын байр бий болгох, хот суурин, ажил хөдөлмөр эрхлэгчдэд үр ашгаа өгөх цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдасгах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

АНУ энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах зорилтоо зарлахаар төлөвлөж байгааг Цагаан ордны мэдэгдэлд онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхний өдрөө Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисийн хэлэлцээрт АНУ-ыг эргэн оруулсан юм.

Түүний засаг захиргаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, оройлон манлайлах бодлого баримтлах төлөвтэй байгааг шинжээчид онцолсоор байгаа юм.