ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан гуравдугаар сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амийг аврахад онцгой гавьяа байгуулсанд дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна.
Мөн Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварсан тухай мэдээ иржээ.
“Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын хоёр иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн хууль бусаар саатуулан шалгаж, эд зүйлсийг нь дээрэмдэж, гурав хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амийг аварч чадсан байна. Тухайн иргэд шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллажээ.
Зэвсэгт дээрэмчдээс барьцаалагдсан иргэдийн амийг аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Монгол Улсын эрэлхэг дайчдад баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: БХЯ