МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, ЁСЛОЛ БОЛОВ

A- A A+
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, ЁСЛОЛ БОЛОВ

Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, ирэх 5 жилд Компакт гэрээг хэрэгжүүлэх хугацааг албан ёсоор эхлүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулсан ёслолын ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон албаны бусад хүн оролцов.

Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гүний ус цэвэршүүлэх үйлдвэр тус тус баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийслэлчүүдийн усны хангамжийг наанадаж 40 жил, цаашилбал 100 жилээр нэмэгдүүлнэ гэсэн үг юм.