З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна

A- A A+
З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тээвэрлэх тусгай үүргийн үйлчилгээ эхэлсэн. Нийт 58 чиглэлд 315 тээврийн хэрэгсэл явж байсныг өнөөдрөөс 641 болгож нэмлээ. Улаанбаатар хотод удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлснээс хойш  нийтийн тээврийн үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсон. Жишээ нь, Ч:56 дугаар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл явж байна гэдэг нь хяналтын самбарт харагддаг. Мөн тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг хянаж болно. Энэхүү мэдээллүүд гар утасны аппликэйшнд харагддаг. Зорчигч өөрт хамгийн ойр нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг харж болно. Хэдэн минутын дараа тухайн автобусны зогсоол дээр ирэхийг мөн харах боломжтой.

-Иргэд ямар аппликэйшнээс энэ мэдээллийг авах боломжтой вэ?

-“UB smart bus” гэсэн аппликэйшн байгаа. Энэ аппликэйшнээс бүх чиглэлийн мэдээллээ харахаас гадна автобусны зогсоолуудаа харж болно. Мөн өөрийн зогсож байгаа зогсоол дээр ямар чиглэлийн автобус ирэхийг ч харах боломжтой.

-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш ачаалал ямар байна вэ?

-Амралтын өдрүүдэд ачаалал бага байсан. Ажлын өдөр ачаалал нэмэгдсэн. Тиймээс нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан.

-Нийтийн тээвэр хоорондын зай хэдэн минут байдаг вэ?

-Чиглэл бүр харилцан адилгүй. Дунджаар 5-10 минутаар төлөвлөсөн байгаа.

-Ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахад нь, мөн орой ажлаасаа буухад нь ариутгадаг. Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээвэр өглөө, өдөр, орой гэсэн гурван хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу шулуун замд ариутгал хийж байгаа. Мөн тухайн чиглэлийн эцсийн зогсоолд байгууллагууд хариуцан ариутгал хийж байгаа юм. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, шулуун замд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, шалгагч нар иргэд хоорондын зайг бариулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлыг хийж байна. Хэдийгээр иргэдэд шаардлага тавьж байгаа ч хүлээж авахгүй байх тохиолдол гарч байгаа.

-Танай байгууллага иргэдэд ямар заавар, зөвлөгөө өгч байгаа вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн автобусны чиглэл, цагийн хуваарь лавлаж байна. Цахим төлбөрийн картын систем хэрэгжиж эхэлснээр нийслэлд 1000 орчим цэгт цахим карт цэнэглэж байсан. Хөл хориотой холбоотойгоор түргэн үйлчилгээний цэгүүд ажиллахгүй, томоохон сүлжээ дэлгүүрийн цэгүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэд HI PAY аппликэйшн ашиглан цахимаар картаа цэнэглэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС