Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 109 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны зургаадугаар сарын 7-ны өдөр эхэлж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцож байна.
"Ковид-19" цар тахлын улмаас анх удаа цахимаар зохион байгуулагдаж буй тус чуулганд 176 улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 3900 орчим төлөөлөгч оролцож, цар тахлын үе дэх олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжилт, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хүн төвтэй ажил эрхлэлтэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог ирээдүйд бий болгох асуудлуудыг хэлэлцэнэ.
Энэ сарын 19-нийг хүртэл 16 өдөр үргэлжлэх тус чуулганы үеэр Хөдөлмөрийн Ертөнц дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаас гадна хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиох юм. Чуулганы үйл ажиллагаа хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь 2021 оны зургаадугаар сарын 3-19-ний өдөр хүртэл, төгсгөлийн буюу үндсэн хэлэлцүүлэг нь ирэх 11 дүгээр сард “Ур чадвар ба насан туршийн суралцах үйл ажиллагаа”, “Тэгш бус байдал ба хөдөлмөрийн ертөнц” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөнө.
Манай улсын гурван талын төлөөлөгчдийн тэргүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа зургаадугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих ""Ковид-19" цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.
Эх сурвалж: ХНХЯ