Польш улстай боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулав

A- A A+
Польш улстай боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулав

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж, БНПУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны сайд Пшемислав Чарнек нар хоёр улсын хооронд шинэчлэн байгуулж буй “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хөтөлбөр”-т зургаадугаар сарын 10-ны өдөр Варшав хотноо гарын үсэг зурав.

Боловсролын өмнөх хөтөлбөрийн хугацаа 2018 оны эхээр дуусгавар болж, шинэ хөтөлбөр байгуулах хүртэлх хугацаанд Польшийн Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар манай оюутнуудыг хэсэг хугацаанд сургаж ирсэн бөгөөд 2020 онд цар тахлын хөл хорионы улмаас оюутан сургалт тасрахад хүрсэн билээ.

Энэхүү хөтөлбөрт гарын үсэг зурснаар ирэх таван жилийн хугацаанд Польшийн тал Монголоос жил бүр 20 оюутан, 2 докторант хүлээн авч сургах бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс дээрх тохиролцоо хүчин төгөлдөр болж байна.

Хөтөлбөрт гарын үсэг зурсны дараа талууд уулзалт хийсэн бөгөөд өнөөдрийн уулзалтын үр дүнд Польшийн тал хэдийгээр хугацаа бага байгаа боловч энэ жил буюу ирэх намраас манай оюутнуудыг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Элчин сайд Б.Дорж хоёр талын боловсролын хамтын ажиллагаа нь Монгол улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Польшийн энэхүү тусламж, дэмжлэгийг манай улс өндрөөр үнэлж буйг илэрхийлэв. Түүнчлэн Польшид Монгол судлалыг цаашид хөгжүүлэх, их дээд сургуулиудын шууд харилцааг өргөтгөх, Шинжлэх ухааны академиудын хооронд тухайлбал палеонтологийн болон бусад судалгааны хүрээлэнгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх зэрэг тодорхой асуудлуудаар ярилцав. БНПУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны сайд П.Чарнек эдгээр салбаруудад хамтын ажиллагааг цаашид өргөтгөхөд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Варшав дахь ЭСЯ