Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Женев хотноо албан ёсны хэлэлцээ хийжээ. Тэд 1985 онд Михаил Горбачев, Рональд Рейган нарын хэлэлцээ хийж байсан Ла Гранж виллд уулзсан байна.
Тэд Оросын кибер халдлагаас эхлээд ОХУ-ын Украин дахь ажиллагаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хутгалдсан гэх мэт хоёр улсын хооронд хурцадмал байгаа олон асуудалтай энэ цаг үед уулзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа болон кибер халдлагыг ОХУ үндэслэлгүй гүтгэлэг хэмээж, олон улсын тавцан дахь АНУ-ын үйл ажиллагаа тогтворгүй байдал үүсгэдэг гэж үздэг. Байден, Путин нар галт зэвсгийн хяналтын талаар болон Оросын сөрөг хүчнийхнийг мөрдөн шалгах ажиллагааны талаар ярьжээ.
Уулзалтын дараа Путин сэтгүүлчдийн асуултад нэг цаг орчим хариулсан байна. Тэрбээр үр дүнтэй хэлэлцээ боллоо хэмээж, ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд элчин сайдаа буцааж илгээхээр тохиролцсон гэж мэдэгджээ. Путин мөн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдах болно гэдгээ мэдэж байсан гэв.
Байдены хэвлэлийн бага хурал харьцангуй богино болсон байна. Тэрбээр АНУ руу чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдэгдэв. Байден сөрөг хүчний хүн шоронд үхэх нь Оросын хувьд "сүйрэл" авчрах болно гэжээ.
Хэлэлцээрийн дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС