УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд өчигдөр Гадаад харилцааны яаманд ажиллав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байнгын хорооны гишүүдэд Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэр, яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг танилцуулж, гадаад харилцаа болон дипломат төлөөлөгчийн газруудад тулгарч байгаа асуудал, Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд авч байгаа арга хэмжээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд чиглэсэн ажил болон бусад асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцов. Түүнчлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Байнгын хорооны гишүүд дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын үед гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ бүрэн татан авсан, түүнчлэн вакцины татан авалтыг цаг алдалгүй хийж, иргэдээ вакцинжуулахад Гадаад харилцааны яам манлайлан ажилласанд талархал илэрхийлэхийн хамт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой саналууд хэлж, үүрэг чиглэл өгөв.