ОХУ-д очиж суралцах боломж нээгдлээ

A- A A+
ОХУ-д очиж суралцах боломж нээгдлээ

​ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ.

Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутнуудтай ижил дүрэм үйлчлэх юм. Эрүүл мэндийн албан журмын даатгалтай гадаадын иргэд бүртгэгдсэн вакцинуудаас алийг нь ч хийлгэх боломжтой байх бол бусад нь «Спутник лайт» вакцинд хамрагдах боломжтой юм байна.

Ирэх есдүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байна. Нийт 4,22 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд танхимаар сургалтаа зохион байгуулах хэдий ч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэл хангажээ.

Оюутнууд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран лаборатори, семинар, лекцэд хамрагдах, биеийн тамирын заал, усан бассейнд орох, дотуур байранд байрлах эрхтэй байх болно гэж ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээллээ.

Эх сурвалж: БШУЯ