НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

A- A A+
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

​ 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК)-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны долдугаар хуралдаан 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Бангкок хотноо цахим хэлбэрээр болж, Монгол Улсаас НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны долдугаар хуралдаанд комиссын гишүүн 50 гаруй улсын төлөөлөгчдөөс гадна олон улсын байгууллага, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо. КОВИД-19 цар тахлын өнөө үед өмнө нь байгаагүй их хэмжээгээр гамшгийн эрсдэлтэй тулгараад буй Ази, Номхон далайн бүс нутагт цаашид гамшиг нүүрлэхээс өмнө сайтар төлөвлөх, гишүүн улс бүр хямралыг даван туулах, хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд илүү хүчин чармайлт гаргах шаардлага тавигдаж буйг төлөөлөгчид онцолж байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжахбана хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Ихэнх улс гамшгаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээнд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хэдий ч КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад аливаа улсын хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улсын бэлэн байдал сул байгааг харуулж байна” гэж дурдав. Тэрээр мөн гамшгийн эрсдэлийн менежментийн хөрөнгө оруулалтын тогтолцоог урьдчилан сэргийлэх, гамшигт тэсвэртэй байдлыг бий болгоход чиглүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын хувьд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн давтамж, газар зүйн хамрах хүрээ, эдийн засгийн хохирол, хот суурин газрын хүн амын нягтрал, аж үйлдвэржилт, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг нь ихээхэн санаа зовоосон асуудал болж байгаа талаар манай төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцох үеэрээ дурдав. Мөн нэг дор, ар араасаа үүсэж болох гамшгийн эрсдэл өндөр болж буй энэ цаг үед аливаа улс бүс нутаг, дэд бүсийн түвшинд илүү нягт уялдаа холбоо, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэж, Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт “Гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны механизм”-ыг эхлүүлэх саналыг тавьж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс 2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дахь удаагийн бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж байсан юм.