Парис хот автомашины хурдны дээд хязгаарыг 30 км/цаг болгожээ

A- A A+
Парис хот автомашины хурдны дээд хязгаарыг 30 км/цаг болгожээ

Энэ Даваа гарагаас эхлэн Францын нийслэл Парис хотын ихэнх гудамжаар зорчихдоо автомашинууд дээд тал нь 30 км/цаг хурдлах хязгаартай болжээ.

Хотын эрх баригчид уг хязгаар нь замын хөдөлгөөний осол эндэгдлийг бууруулж, явган зорчигчид, дугуйтай зорчигчдын аюулгүй байдлыг хангахын хажуугаар агаарын бохирдлыг бууруулна гэж тайлбарлаж байна.

Үүнээс гадна иргэд автомашинаар зорчихын оронд алхах, өөр төрлийн тээврийн хэрэгслийг сонгоход түлхэц болно гэж тооцоолжээ.

Парис хотын 144,000 автомашины зогсоолоос 60,000-ыг нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болгох шийдвэрийг бас гаргасан байна.

Хотын захиргааны мэдээлснээр иргэдийн 59 хувь нь хурдны шинэ хязгаарыг дэмжиж байгаа гэнэ.

Харин шүүмжлэгчид нь хурдыг хязгаарласнаар замын түгжрэл нэмэгдэж, агаарын бохирдол улам өсөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Тээврийн асуудал хариуцсан Парис хотын дэд дарга Дэвид Беллярд өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсандаа бичихдээ “Хурдны хязгаарыг эсэргүүцэж байгаа хүмүүст нөхөрсөгөөр тайлбарлахад:  30 км/цагийн хурд агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй. Харин ч дугуйчид, явган зорчигчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, хотын дуу чимээг бууруулах сайн талтай” гэжээ.

Автомашинуудын хурд буурснаар нийт авто замын ослын тоо 25 хувиар, хүний эндэгдлийн тоо 40 хувиар буурна гэж Парисын эрх баригчид тооцоолсон байна.

 

Эх сурвалж: CNN