Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойрогтоо хамгийн сайн ажилладаг цөөхөн гишүүдийн нэг. Тэр дундаа боловсрол, ЖДҮ, бизнес эрхлэгчдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, энэ чиглэлд ч томоохон төсөл эхлүүлж, тойрогтоо хөрөнгө оруулалт татаж байгаа билээ.
Тэгвэл эрхэм гишүүн өчигдөр Баянзүрх дүүргийн нийт ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзсан байна. Учир нь “Ковид-19” цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулиуд сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар хичээллэж, энэ оноос эхлэн цахимаар болон танхимаар орж эхэлсэн.
Хоёр жилийн хугацаанд гэртээ удаан хугацаагаар хоригдсон хүүхдүүд сэтгэлзүйн дарамт, айдастай, тэр тусмаа бага ангийн хүүхдүүд хичээлээ ойлгохгүй, үсгээ мэдэхгүйгээс дарамтад орж, өсвөр насныхан нь харин ангийн найз нөхдөөсөө хол байснаар өөрийгөө тусгаарлах, дэлгэцийн хамааралтай болох, зожиг ганцаардмал болох зэрэг сөрөг үр дагавар илэрч байгаа учраас энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тэдэнтэй санал бодлоо хуваалцжээ.
Тус уулзалтаар хүүхдүүд танхимаар хичээллэх, урт хугацааны дараа хамт олонтойгоо уулзах, харилцаа, хандлага цаашлаад сэтгэлзүйн бэлтгэл, эрүүл мэндийн төлөв байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож, хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөллөөр хангах, дасгах, бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.