Манай улс нийт 112,414.2 км авто замын сүлжээтэй. Үүнээс 14,918 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 50 хувь нь хатуу хучилттай замаар ашиглагдаж байна.
Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 95 чиглэлийн 1,702.7 км хатуу хучилттай авто замын барилга, их засвар, шинэчлэлтийн ажил, 15 байршилд 1,338.6 у/м төмөрбетон болон модон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил хэрэгжиж байгааг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Минжбадам хэллээ. Үүнээс энэ онд:
326.3 км хатуу хучилттай авто зам,
550 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ талаар тэрбээр "Авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын явцыг хөрөнгө оруулалтын хэлбэрээр ангилж харвал:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн
Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто замын барилгын ажил 65%,
Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын барилгын ажил 65%,
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын барилгын ажил 75%,
Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 авто замын барилгын ажил 76%-ийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам 92%,
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 95%,
Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам 32%,
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам 55.6%-ийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байгаа.
Цаг агаар, байгаль орчны нөлөөгөөр энэ жил замд нэлээд хэмжээний эвдрэл гарсан. Эвдрэлийг засахад нийт 2.9 тэрбум төгрөгийг 36 байршилд зарцуулан ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 85%-тай байна.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57.56 км хатуу хучилттай авто замын их засварын ажлыг 2021 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Энэхүү зам нь баруун таван аймгийг нийслэл хоттой холбох улсын чанартай авто замын гол чиглэл, хоногт явах хөдөлгөөний эрчим өндөр, ач холбогдол ихтэй чиглэл тул зам барилгын ажил эхэлсэнд олон нийтийн тандалт судалгаагаар хамгийн их эерэг санал авсан ажил болж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй бүтээн байгуулалтын ажил 60%, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил 22%-тай байна. Дөрвөн эгнээ болгох ажлыг 2020 оны гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд талбайд 1,386 хүн, 674 машин механизм тоног төхөөрөмж ажиллаж, гүүр хоолой, зурвас газрын хөрс хуулах, ухмал ба далан байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа.
Уг зам, барилгын ажлыг 5 багцад хэсэгчлэн хувааж байгаа бөгөөд
Нэгдүгээр багцын ажил-28.17%,
Хоёрдугаар багцын ажил–15.16%,
Гуравдугаар багцын ажил-14.76%,
Дөрөвдүгээр багцын ажил–10.39%,
Тавдугаар багцын ажил -15.95%-тай буюу нийт ажлын гүйцэтгэл 16.7%-д хүрээд байна.
Энэ онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 м урт төмөрбетон гүүр, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан" хэмээн танилцууллаа.
Ургац тээвэрлэлтийн үндсэн 13 чиглэлийн 311 км авто замыг 369.4 сая төгрөгөөр засварлахаар төсөв, тооцоо гарсан бөгөөд уг хөрөнгийг Улсын нөөцийн сангаас гаргуулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.
Беларусь улсын МАЗ үйлдвэрээс энэ онд зам хариуцагч төрийн өмчийн компани бүрд замын засвар арчлалтын тусгай зориулалтын 42 техникийг хүлээлгэн өгчээ. Замын засвар арчлалтын шинэ технологи болох нөхөөсний засварыг хэрхэн хийх талаар Беларусь улсаас ирсэн мэргэжилтэн зам хариуцагч төрийн өмчит 20 компанийн ажилтнуудад сургалт хийж засвар арчлалтын ажилд хэрэглэж байгаа аж.