Риогийн олимпод Д.Отгондалайн тоглолтын дүнг өөрчлөхийн тулд $250,000 хахууль өгсөн байж болзошгүй

A- A A+
Риогийн олимпод Д.Отгондалайн тоглолтын дүнг өөрчлөхийн тулд $250,000 хахууль өгсөн байж болзошгүй

​“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцуулжээ.

Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Тайланд дурдсанаар Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүй аж.

149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.

Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв.

Үр дүнд нөлөөлсөн байз болзошгүй тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ын финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.

Энэхүү тайланд AIBA-гийн бий болгосон шүүлтийн “соёл”, шүүгч нар энэхүү “соёл”-ыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн “соёл”-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв.

Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ.

Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд “AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ.

Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев “Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МҮОХ