Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг.
Тэгвэл зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с үнэ төлбөргүй харах боломжтой болжээ. Тодруулбал, шинэчлэгдсэн “e-Mongolia” системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна.
Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд
Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
Санхүүгийн түрээсийн компани;
Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ байгууллагыг;
Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд
Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:
Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
90 хүртэл хоног – Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
91-180 хоног – Хэвийн бус
181-360 хоног – Эргэлзээтэй
361-с дээш хоног – Муу
Цахим бичиг баримтыг өдөр тутамд ашиглаж, хэвшүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэн таны оролцоо хамгийн чухал юм. “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 542 үйлчилгээ нэгтгэгдсэн бөгөөд давхардсан тоогоор 5 сая орчим удаа үйлчилгээ үзүүлсэн бөгөөд иргэд чирэгдэлгүй, түгжрэлгүй, шуурхай төрийн үйлчилгээ авснаар мөнгөн дүнгээр илэрхийлбэл 46 тэрбум төгрөг хэмнэсэн байна.