Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буйгаа зарлаж, Магаки хэмээх нэрийг өвлөн авсан билээ. Хэдийгээр зодог тайлсан ч түүний данпацү-шики буюу үс авах ёслол цар тахлын улмаас гурван жилийн дараа болно гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь одоогоор энэ ёслолоо хүлээж буй дээд зиндаанд барилдаж байсан Хакүхотой нийлээд 13 бөх байгаа гэнэ.
Цар тахлын улмаас үзэгчид, зочид цэнгэлдэхэд нэвтэрч, арга хэмжээнд оролцох боломжгүй байна.
Сэкивакэ асан Точиозан 2020 оны долдугаар сард зодог тайлж, өнгөрөгч тавдугаар сард үс авах ёслолоо хийх байсан ч Covid-19-ийн улмаас хойшилж, ирэх оны тавдугаар сарын 29-нд хийхээр тов гарчээ. Мөн сэкивакэ асан Аминишики 2019 онд их спортоосоо албан ёсоор хөндийрсөн ч өдийг хүртэл ёслолоо хийж чадалгүй хүлээлтийн байдалтай байна. Эдгээрээс гадна ёкозүна Какүрюү М.Ананд, озэки асан Котошогикү, Гоэидо, сэкивакэ асан Тоёоношима нарын ёслолын тов ч тодорхойгүй байна.
Өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр сэкивакэ асан Котоюүкигийн үс авах ёслол Рёогокү Кокүгикан ордонд тун нам жим, үзэгчгүй зөвхөн ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд 250 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард зодог тайлсан юм.
Үс авах ёслолоо хийж буй зарим бөхчүүдийн хувьд үүгээрээ далимдуулан мөнгө олдог гэнэ. Бөхчүүдийн зарим нь өртэй байдаг учир Кокүгикан ордонг дүүртэл нь буюу 10 мянган үзэгч цуглуулж, тасалбар борлуулж их хэмжээний мөнгө олдог аж. Сэкивакэ асан Точиозаны данпацү-шики ёслолын тасалбарын үнэ суудал, багцаасаа хамаараад 4000-30 мянган иений хооронд байна.
Одоогоор 13 бөх данпацү-шики ёслолоо хийхээр хүлээж байгаа бөгөөд Хакүхо жагсаалтын 13 дугаарт бичигдэж байна. Жилд зургаан хүний ёслол болно гэж тооцолвол Хакүхо 2024 оны хавар үс авах ёслолоо хийх гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.YAHOO.CO.JP, NEWS.GOO.NE.JP