Монголын жүдочид Парисын дэвжээнээс гурван хүрэл медальтай ирлээ

A- A A+
Монголын жүдочид Парисын дэвжээнээс гурван хүрэл медальтай ирлээ

Парисын Их дуулга хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог болсон бөгөөд 1971 оноос хойш өдийг хүртэл энэ тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпын шигшээ баг татамидаа хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, -81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв. 26 настай Э.Ариунболд, 20 настай Г.Болор-Очир нар ийнхүү Их дуулгаас анхны медалиа хүртлээ.

Мөн шагналт байранд таван тамирчин орсон.

Япончууд нийт долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 45 орныг тэргүүлэв. Харин тэдний араас гурван алт, хоёр мөнгөн медальтай Орос, хоёр алт, нэг хүрэл медальтай Израил, нэг алт, нэг хүрэл медальтай Португал, Азербайжан тэргүүтэй орнууд удаалжээ. Монголын тухайд гурван хүрэл медаль, таван шагналт байр гэсэн амжилттай 13 дугаар байрт жагслаа.

Мөн гурван жилийн дараа энэ хотод олимп болно. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд болох Бакугийн Гранд Слам тэднийг хүлээж байна.