Шатар сонирхогчдын ДАШТ-д манай улсаас УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан тэргүүтэй таван тамирчин оролцож байна

A- A A+
Шатар сонирхогчдын ДАШТ-д манай улсаас УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан тэргүүтэй таван тамирчин оролцож байна

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна.

Тэмцээний,

1,700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан,

2,000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 

2,300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын Дэлхийн Аварга, ФИДЕ мастер Б.Халиун нар тус, тус оролцож байна.

Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-д ОХУ, БНЭУ тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээсэн байна.

Энэ талаар Монголын Шатарын холбооноос "Энэхүү тэмцээнд оролцоход шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан мөн бусад бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.

Тус тэмцээнд оролцоход цар тахалтай холбоотойгоор виз авахад цаг хугацааны хүндрэл гарсан тул зарим тамирчид маань оролцож чадаагүй харамсалтай гэнэтийн зүйл тохиолдсонд холбооны зүгээс мөн уучлал хүсье. Дараагийн олон улсын тэмцээнд одоогийн удирдлагын баг аливаа алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллах болно" хэмээн мэдэгдээд баг тамирчдад амжилт хүсжээ.