Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд болон цахим платформоор зохион байгуулж байна.
Энэхүү форумын гол зорилго нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго дор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн арга зүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход чиглэгдэж буй.
Салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголтод хүрч, гарч шийдлийг тодорхойлно
Форумаар “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэ удаагийн форумд аялал жуулчлалын салбартай шууд болон шууд бус замаар хамаарах нийгэм, эдийн засаг, соёл, дэд бүтэц, зочлох үйлчилгээ, бизнес, маркетингийн чиглэлийн тэргүүлэх судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад оролцож байна.
Форумаас төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголтод хүрч, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлно.