Б.Батцэцэг: Чикаго хотод Консулын газар, Швед, Австралид Консулын хэлтэс байгуулна

A- A A+
Б.Батцэцэг: Чикаго хотод Консулын газар, Швед, Австралид Консулын хэлтэс байгуулна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, 2022 оны улсын төсөвт гадаад харилцааны салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгасан талаараа товч мэдээлсэн юм. 

Гадаад харилцааны яамны өөрийн үйл ажиллагаа болох визийн хураамжаас жилд дунджаар 10-12 тэрбум төгрөгийн орлого олдог аж. 2021 онд ковидын улмаас ийм хэмжээний орлого төвлөрүүлж чадаагүй. Харин 2022 оны улсын төсөвт 10.5 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгуулжээ. 

Монгол Улс дэлхийн 44 улсад Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудтай ба үүний 23 нь өөрийн байртай юм. Ирэх оны улсын төсөвт ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газруудын барилгын урсгал засварт 8.4 төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал тусгажээ. 

Мөн тус яамны манлайллаар “Дэлхийн монголчууд-2”, “Монгол үндэстний үнэлэмж” гэсэн хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд энэ ажилд 7.8 тэрбум төгрөг зарцуулахал төсөвт тусгасан. Ирэх 2-4 жилд хэрэгжүүлэх дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаа гадаад сурталчлах, хилийн чанадад байгаа монголчуудтайгаа хамтран ажиллаж, биет болон биет бус соёлын өвийг сурталчилсан контентуудыг бүтээх зэрэг 43 ажил хийхээр төлөвлөсөн байна. 

Мөн ирэх онд Чикаго хотод Консулын газар, Швед, Австралид Консулын хэлтэс байгуулахад шаардагдах 1.4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд суулгасан гэж Б.Батцэцэг сайд мэдээлэв.