Н.Уртнасан: Одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай

A- A A+
Н.Уртнасан: Одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай

Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулган энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дөрвөн салбар хуралдаан болно. Тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын 800 орчим мэргэжилтэн цахим болон танхимын хэлбэрээр оролцож байна. Мэргэжилтнүүд салбар хуралдаан болон үндсэн чуулганд оролцож, уур амьсгал өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэж, тодорхой бодлого, шийдвэрүүдийг гаргахаар нэгдэж буй нь энэ юм.

Чуулганы хуралдаантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаануудыг зохион байгуулж байна.

11 дүгээр сарын 8-ны өнөөдрийн хуралдааныг Төр-Хувийн хэвшил хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд

11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааныг Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудлаар

11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг Цөлжилт, газрын доройтлын асуудлаар

11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааныг Агро ойг хөгжүүлэх сэдвийн хүрээнд хуралдана.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа. Үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байгаа юм. Тиймээс бид цаашдаа цөлжилтийг бууруулах, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх талаар нэгдсэн ямар бодлого баримтлах талаараа бүх салбарын эрдэмтэд, судлаач нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг аль болох өргөн хүрээнд нэгтгэхийг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байна. Тиймээс 2030 он хүртэл тарьц суулгацынхаа хэмжээг жил бүр хэрхэн өсгөх тооцооллыг гаргахад одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай болж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох байр сууриа илэрхийлж байгаа. Урьдчилсан байдлаар бид 20 гаруй аж ахуйн нэгжтэй биечлэн уулзаж, хэрхэн оролцох талаар нь ярилцсан. Өнөөдрийн байдлаар 189 сая мод тарьж, ургуулах амлалтыг зөвхөн Уул уурхайн чиглэлийн компаниуд ирүүлээд байна.

Гэр хорооллын иргэд мод тарих хүсэл сонирхол маш өндөр байна. Харин мод тарихад үүсэж буй зардлыг хэрхэн шийдэх, хэрхэн бодит дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байсан. Цаашдаа бодит урамшуулал олгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай.

Хөрсний бохирдлыг бууруулах, мод тарих ажлыг төрөөс бодлогоор дэмжиж явахаас өөр аргагүй. Салбар яам гэр хороололд мод тарих ажлыг бодитойгоор дэмжинэ” гэв.

11 сарын 08-нд Нэгдүгээр салбар хуралдаан

Сэдэв: "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа"

11 сарын 09-нд Хоёрдугаар салбар хуралдаан

Сэдэв: "Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт"

11 сарын 10-нд Гуравдугаар салбар хуралдаан

Сэдэв: "Цөлжилт, газрын доройтол"

11 сарын 11-нд Дөрөвдүгээр салбар хуралдаан

Сэдэв: "Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь" сэдэвтэй болно.