Өнгөрсөн пүрэв гарагийн /2021.11.04/ үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр “Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэж, хүүхдийн нэрийн дансанд байршуулах зорилгоор” гэснийг “хуримтлал үүсгэх зорилгоор зарцуулах” гэж өөрчлөхөөр боллоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд:
Төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь, төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн үнэлгээний 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцон хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авах;
Төсвийн хөрөнгөөр 2022 онд дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад хоёр дахин нэмнэ.
Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагуудын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттай хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах;
Төсвийн хөрөнгөөр 2022 онд дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх;
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлийг судлан, үнийн өөрчлөлтийн индексийг баталж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших гүйцэтгэлд тооцох;
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж, саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлэх;
Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхдээ батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг нийцүүлэн өөрчлөхгүй байх, хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
Төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй болгох;
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын дүгнэлтэд дурдсан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулж 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт нэмэхээр тогтов.