Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тус нүхэн гарц нь 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай.
Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна.
Энэ нь Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний төсөл юм. Нийслэлийн төвийн 4 хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Түүнчлэн төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна. Тухайлбал, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг хоногт нэвтрүүлнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ. Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурах аж.
Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж буй. Тус нэгж мөн дүүжин замын тээвэр “UBCABLE”, их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ