О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна

A- A A+
О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Есдүгээр сараас 18-аас дээш насны иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Тиймээс иргэдийг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа.

-Дархлаажуулалтыг явуулын болон суурин цэгээр хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Дархлаажуулалтын цэг дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Зарим дүүрэгт гурван цэг ажиллаж байгаа бол заримд нь таван цэг ажиллаж байгаа. Иргэд өөртөө аль ойр цэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой. Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу олон ажилтантай байгууллага, олон оюутантай их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байна.

-Орон нутгийн иргэд нийслэлд түр оршин суугаа бол нэмэлт тунд хамрагдаж болох уу?

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн заавал нийслэлийн харьяат байна гэсэн зүйл байхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын багт хүсэлт гаргаснаар бид гэрээр нь очиж нэмэлт дархлаажуулалтыг хийж байна.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС