Улсын Гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи, нуруу, нугасны мэс заслын зочин профессорын баг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байна.
Америкийн зочин профессорын баг зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчид нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж эхлүүлээд байна.
Мөн хамтарсан ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг зохион байгуулж, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн зочин профессорын багт эпилепси судлаач, эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч хамт ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулна гэж Улсын Гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.