АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ

A- A A+
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Засгийн гзарын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар, сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-12 нд зохион байгуулж байна. Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (цаашид Нэгжийн тухай хууль гэх)-ийг  шинэчлэн баталсан бөгөөд тус хуульд зааснаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.Тус хууль нь орон нутгийн засаглал, эрх мэдэл, хэрэгжүүлэх чиг үүрэг, төсвийн орлого, зарлага,  бие даасан байдал зэрэг орон нутгийн бүхий л асуудлыг зохицуулах тул аймаг, нийслэлийн удирдлагуудад энэ хуулийн талаар сурталчлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.


Тус хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 45 дугаар тогтоолоор холбогдох хууль, тогтоомж, журам заавруудыг тухайн хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газраас боловсруулж байгаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төслийг танилцууллаа.
Шинэчлэгдэн батлагдсан Нэгжийн тухай хуулийн дагуу аймаг, сумдын төсвийн орлого зарлагын өсөлт, бууралт ямар байх, тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх, аль түвшинд төсвийн төвлөрөл илүү саарч, төсвийн бие даасан байдал нэмэгдэхээр байгаа зэргийг аймаг, дүүрэгт дээр хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Мөн шинэчлэн баталсан МУЗЗНДНТУ-ын тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөв, төсвийн харилцаанд үүсэх асуудлуудын талаар Сангийн яамнаас хийсэн судалгааны дүнг танилцуулав.
Засаглалын менежментийг боловсронгуй болгох асуудал, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд орох нэмэлт өөрчлөлт, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, төрийн албаны шинэчлэлт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт зэрэг орон нутгийн удирдлагуудад нэн чухал асуудлуудын талаар сургалтуудыг зохион байгууллаа.
Тус семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.