"Монгол охиныг зодсон хэргийг замхруулахгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалахад онцгой анхаарна"

A- A A+

 

БНСУ-ын MBC телевизийн сувгаар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Монгол охиныг үе тэнгийнх нь дөрвөн хүүхэд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд дуудаж уулзлаа.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНСУ-ын Элчин зөвлөх болон Консулын албаны хүмүүстэй дөнгөж сая уулзлаа. Хэргийн талаар танилцуулж, тодорхой шаардлагуудыг тавилаа. Нэгдүгээрт, хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарахыг хүслээ. Учир нь өчигдөр телевизээр хэвлэлийн мэдээ цацагдсанаас хойш хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж эхэллээ.

Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд өнгөрсөн долдугаар сард болсон явдлыг манай Консулын газар, Гадаад харилцааны яам өчигдөр л телевизийн мэдээнээс мэдсэн. Консулын харилцааны Венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч цаашид энэ төрлийн хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарсан даруйд харилцан мэдээллээ солилцох тал дээр онцгой анхаарч ажиллахаар ярилцлаа.

Хэрэг долдугаар сарын 4-нд нээгдээд хоёрынх нь хаагдсан. Үлдсэн хоёр хүүхдийн хэрэг шалгагдаж байгаа гэдгийг БНСУ-аас мэдээлсэн. БНСУ-ын талд бид өөрийн улсын хууль тогтоомжийн хүрээнд нэн яаралтай, ил тод, нээлттэй шуурхай шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг тооцох тал дээр онцгой анхаарах шаардлагыг тавилаа.

Мөн энэ бол эүүгийн хэрэг учраас шаардлагатай болбол бидэнд нэн туршлагатай өмгөөлөгчийг Солонгосын талаас гаргаж өгөхийг хүссэн. Солонгосын Элчин сайдын яам хэргийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа, сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн.

Манай Бусан дахь Консулын газар хүүхдийн ээжтэй байнгын холбоотой байгаа. Энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж мэдээлэхгүй байх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь охин хичээлдээ биечлэн явахгүй, онлайнаар хичээллэж буй нөхцөл байдалтай байна" гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгийг тоглуулж үзэх боломжтой.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам