ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАДААДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

A- A A+
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАДААДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын улс төр, эдийн засаг, түүх, соёл уламжлал болон нийгмийн хөгжил цэцэглэл, ололт амжилтыг дэлхий дахинаа түгээн сурталчлах, бодит мэдээ мэдээллийг дэлхий дахинд хүргэх гүүр болж ирсэнд талархал илэрхийлэв.    

Дэлхий нийтээрээ цар тахлын амаргүй цаг үеийг даван туулах хүнд сорилтой тулгарч байгаа онцгой цаг үед хэвлэл, мэдээллийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, Гадаад харилцааны яам Монгол Улсын гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлж буйг тэмдэглэв.

Монгол Улсад “Аль Жазийра”, “Синьхуа”, Жиньминь Жибао сонин, “Хятадын төв радио, телевиз CCTV”, “Асахи Шимбүн”, “Киодо Цүүшин”, “Фүжи” телевиз, “Mongolnow.com”, “Ройтерс”, “bne IntelliNews”, “Agence France Presse”, “Ассошиэйтед пресс”, “KBS” телевиз зэрэг нийт 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн 21 сурвалжлагч, зураглаачид байнгын үйл ажиллагаа явуулж байна.