УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

A- A A+
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО


Уламжлалт анагаах ухаан нь хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа болон аливаа өвчин эмгэг нь үүсэж бий болох, илааршиж эдгэх өөрийн гэсэн тодорхой зүй тогтлыг судалсан шинжлэх ухаан төдийгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн засах аргыг нас, улирал, цагт нийцүүлэн бие, хэл, сэтгэлийн үйл, идээ унд, явдал мөрийн нарийн зохистой тэнцвэрийг хадгалж анагаан тэнхрүүлдэг олон мянган жилээр нотлогдсон цогц ухаан юм. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн "Уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний цахим хурлыг" АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд зохион байгуулж байна. Цахим хурлыг
•УАУ-ны түүхэн ололт, амжилт
• Ковид-19 ба уламжлалт ухаан
• УАУ-ны эмнэлзүйн суурь судалгаа, боловсролын судлал
• УАУ-ны инноваци, Эмийн судалгаа
гэсэн 4 хэсгээр зохион байгуулж байна. Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн төлөөллөөс дурьдвал ЭМЯ, ШУА, НЭМГ, Нийслэл, Дүүргийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн УАУ төвүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн нийгэмлэг холбоод, гадаад орноос Японы Токио Ариаке ИС, ӨМҮИС, ОХУ-ын БИС, БНХАУ-ын Тянжины ХАУИС зэрэг байгууллагаас төлөөлөл оролцлоо. Зочин илтгэгчээр ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, АШУ-ны доктор, профессор Б.Давгацэрэн "Тогтолцооны нэгтгэмэл уламжлалт анагаах ухааны онолын үндэслэлийн чиглэлээр оролцож байна.  "Уламжлалт анагаах ухааны салбар" цахим хуралд тавигдах илтгэлүүд, эрдэм судлалын ажлын үр дүнг нэгтгэн үзвэл Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн хугацаанд гаргасан ололт амжилтууд нь Монголын уламжлалт анагаахын салбарын эмч мэргэд, эрдэмтэдтэй салшгүй холбоотой бөгөөд өрнө, дорны анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд таниулах, туршлага солилцох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэг эрт цагт нэвтэрснийг нотлох баримт эх сурвалжуудад олонтоо бичигдсэн байдаг.