Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд вируст гепатитын халдварын тархалтыг хязгаарлан гепатитын С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, вируст гепатитаас үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилтыг тавьсан билээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эцсийн үнэлгээ, эхээс урагт дамжих халдварын тархалтыг таслах зогсоох дэмжлэгт хяналтыг хийх ажлын хүрээнд Булган, Орхон аймгуудад вируст гепатитын эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр нөлөөллийн судалгаа, үнэлгээг хийв. Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шинжээч Т.Болорчимэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Номингэрэл, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Анузаяа, ДЭМБ-ын вируст гепатитын асуудал хариуцсан мэргэжилтэн В.Оюундарь, ДЭМБ-ын дотоодын түр зөвлөх Т.Содгэрэл нар оролцлоо.