Монгол улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран “ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ”-ыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. 2021 оны 12 сарын 16-17-ны өдрүүдэд АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд, ЭМЯ-ны харьяа хүрээлэн, агентлаг, төв, болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд хамтран ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААН, БИО-АНАГААХ УХААН, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭМ ЗҮЙ-н чиглэлээр 5 хуралдааныг зохион байгуулав.
Нэгдсэн хуралдааныг 2021 оны 12 сарын 21-ны өдөр Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, Нийгмийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилт сэдвийн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт өндөр технологи, судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, инновацийн шилдэг бүтээлүүд хэлэлцэгдлээ. Эрдэм шинжилгээний олон улсын хурлыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв.Хурлын үеэр нэгэн онцлон тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулагдсан нь Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарын 100 жилийн ойд зориулан туурвисан “МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН”, “МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН”, “АНАГААХ УХААНЫ ӨВӨРМӨЦ ҮГ ХЭЛЛЭГ, НЭР ТОМЬЁОНЫ АНГЛИ-ОРОС-МОНГОЛ ТОЛЬ” хэмээх ГУРВАН ТОМ бүтээлийн нээлтийн үйл ажиллагаа байлаа. Энэхүү бүтээлүүдийг Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, Монгол Улсын Ардын багш, Академич, Ц.Лхагвасүрэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич П.Нямдаваа болон 170 гаруй багш судлаачид хамтран 1 жил гаруйн хугацаанд хамтран бичиж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон нь түүхэн үйл явдал боллоо. Номын нээлтийн арга хэмжээг Монгол Улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж, талархал илэрхийлэн баяр хүргэж үг хэлсний дараа Номын дээж гардуулах ёслолын үйл ажиллагаа болов.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон улсын байгууллагууд тухайлбал Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагыг төлөөлж Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Азийн Хөгжлийн банкыг төлөөлж Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд суурин төлөөлөгч, тэргүүлэх эдийн засагч Declan Magee, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневын мэндчилгээг үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г. Пагам нар хүргэж, Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдээ танилцуулж, Эрүүл Мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.