“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа

A- A A+
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа

Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав.

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан. 2021-2026 онд НЗДТГ-ын хэрэгжүүлэх уг төсөл нь Улаанбаатар хотын гудамж замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн системийн  шинэчлэл, зам тээврийн үр ашигтай удирдлага, ухаалаг системүүд,  ТЭЗҮ судалгааны ажил болон магадлашгүй онц байдлын хариу арга хэмжээ гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн талаар танилцуулав.

Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжнуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. Төслийг санхүүжүүлэхэд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн төслийн хүрээнд 35.5 км авто замыг шинээр  барина. Энэхүү зам нь 20 жилийн өмнө баригдсан Нарны замын хэвтээ тэнхлэгт баригдах бөгөөд зургаан эгнээ  замд дохио, камераас гадна удирдлагын мэдээллийн санг багтааж өгөх юм. Одоо байгаа авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн замд илүү орон зай хуваарилахаар төлөвлөж буй. Коридор өргөтгөлийн хүрээнд Улаанбаатар хотын, тэр дундаа гэр хороолол дахь замын сүлжээг өргөтгөнө.

УИХ-ын гишүүдийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэл бол зөвхөн нийслэл хотын асуудал бус, Монгол Улсын асуудал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлт, замын өртөг, түгжрэлийг бууруулах замын урсгалын тооцоолол, шинээр баригдаж буй орон сууцны хорооллын асуудал, газар чөлөөлөлтийн өртөг, шинээр баригдах замуудын зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, хотын замын стандарт, нийтийн тээврийн хүртээмж, шинээр импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгсэлд хязгаар тавих зэрэг асуудлыг хөндөн тавьж, асуулт асууж,  байр сууриа илэрхийлсэн.  

УИХ-ын чуулганы хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр:

 

-Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бидний тооцоолсноор 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Нийслэл хотын инженерийн байгууламж, зам, гүүр, гүүрэн байгууламж, ногоон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүд гээд тооцвол хийх ажил маш их байна. Жил тутамд 35 мянган хүн буюу Ховд хотын хүн амын дайны хүн ам шилжин ирж байна. Цэвэр өсөлт нь 75 мянга. Жилд 80 мянган авто тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Хотын хүн амын даацыг 800 мянган хүн амаар тооцсон байтал одоо хоёр дахин нэмэгдсэн. Тийм учраас хотын зам түгжирч байна, бусад олон асуудал ундарч байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулж, Засгийн газраас түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад 420 тэрбумыг төсөвлөсөн гэхчлэн тал талын дэмжлэг, хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2022 оноос нийслэл хот бие даан хөрөнгө татах, өрийн удирдлагын менежмент хийх боломж нээгдсэн. Одоо бид өрийн удирдлагыг ашигтай болгоход онцгой анхаарч ажиллах боломж бүрдсэн. Дэлхийн банктай хамтран ажиллаж, техникийн тусламж авахаар ярилцсан байгаа хэмээн тодотгон өгүүллээ.

Эцэст нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС