Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.
Аудитаар эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйн улмаас уг салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүйг тогтоожээ. Тодруулбал, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан. Гэсэн ч уг хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж, гурван жилийн хугацаа алдсан гэдгийг аудитын тайланд дурджээ.
Мөн төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны уялдаа холбоо хангагдаагүй байна. Тухайлбал:
- "Улаанбаатар хотод дулааны шугамын байршилд норм, стандарт зөрчиж шугам дээр 53, 0.5-3.0 метрийн зайд барьсан 147, нийт 200 байгууламж барьсан,
- “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна" гэжээ.
Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 10,705.0 мянган гКал болж өмнөх оноос 3.8 хувиар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 7,145.6 сая кВт.цаг болж өмнөх оноос 4.7 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8,851.2 сая кВт.цаг болж, дотоодын үйлдвэрлэл дутаж, 1,705.6 сая кВт.цаг цахилгааныг импортолсон байна.
Цаашид эрчим хүчний хэрэглээ энэ хурдаар өсвөл 2024 онд цахилгаан эрчим хүч 10,488.0 сая кВт.цаг, дулааны эрчим хүч 12,794.9 мянган Гкал болох тооцоолол гарч импортлох цахилгаан эрчим хүч 3.3 дахин өсөхөөр байна.
Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, ААНБ-д техникийн нөхцөл олгоогүй байна.
УБДС ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24.0 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.
Үндэсний аудитын газраас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад 8 зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ. Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой