Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.
Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
Товч мэдээ
· Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
· Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.
· “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.
· Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.