Тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулна

A- A A+
Тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулна

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгалаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 буюу 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдэж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байна.

Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд 348.0-399.0, 435.0-499.0 мянга хүртлэх төгрөгийн тэтгэвэр авч байгаа 26,7 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн доод хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд нэмэгдлийн хэмжээ нь 15 хувьд хүрэхгүй байгаа тул эдгээр иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.
 
Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана.

Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.
 
“Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй. Өнөөдрийн танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.
 
Гэр, гэртээ шинэлэхийг уриалж байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн иргэдийн 52,3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт дархлаажуулалт 43-49 хувьтай байна. Бусад аймгуудад зорилтод бүлгийн иргэдийн вакцинд хамрагдалт 55-аас дээш хувьтай байна. Дөрөвдүгээр тунд 80 мянган иргэн хамрагджээ.

Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний эерэг эзлэх хувь 29,5 хувь болж, халдварын  тархалт өндөр байгаа тул буй тул ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримталж, гэр гэртээ шинэлэхийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалж байгаа юм.
 
 Товч мэдээ
·      Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.  
·      БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Багануур Пауэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй 400 MВт-ийн хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор концесс эзэмшигчдэд БНХАУ-ын холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санхүүжилт болон холбогдох зөвшөөрлүүдийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.   
·      Лондоны банкууд хоорондын ханш /ЛИБОР/-ыг дэлхий даяар хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор хөвөгч хүүтэй, Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай байгуулсан гадаад зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар