“Бээжин-2022” олимпын наадмаас Норвегичууд 37 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ

A- A A+
“Бээжин-2022” олимпын наадмаас Норвегичууд 37 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам өнөөдөр албан ёсоор өндөрлөлөө.

Норвегичууд энэ удаагийн олимпод 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай өнгөлөв. Нэг олимпоос 16 алт авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон юм. 2010 онд Канад, 2018 онд Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд амжилт байлаа.

Германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтаа түүсээр хоёрдугаар байрт бичигдэв. Харин зохион байгуулагч БНХАУ 9 алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоолоо. Урд хөршийн тамирчид 2010 оны Ванкуверийн олимпоос 5 алт, нийт 11 медаль авсан нь өмнөх рекорд байв.

Оросын ҮОХ-ны тамирчид медалийнхаа тоогоор зөвхөн Норвегийн ард бичигдсэн ч алтан медалийн тоо цөөн байсан тул эцсийн дүнгээр есдүгээр байрт орлоо.

Шинэ Зеланд улс өвлийн олимпын анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ. Нийт 28 улс ямар нэг медаль хүртсэн байна.

 

 

Эх сурвалж: МҮОХ