Бээжинд бадамласан олимпын бамбар Миланыг зорин одлоо

A- A A+
Бээжинд бадамласан олимпын бамбар Миланыг зорин одлоо

Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Одоо өвлийн олимпын цаг тоолол “Милан-Кортина-2026” эхлэх мөчийг тоолон цохилж эхлэв. Дөрвөн жилийн дараа Италийн Милан, Кортина хотуудад болох 25 дахь олимп болох юм.

Цар тахлын аюул бүрэн холдоогүй амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав.

 

Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт 16 удаа эвдэгдсэнээс гадна тамирчид хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө өрсөлдсөн, хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон, хүйсийн харьцаа хамгийн тэнцвэртэй өвлийн олимп болсон гээд онцлог зүйл их байлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ “Бээжингийн олимпын тосгон тав тухтай, цэнгэлдэх хүрээлэн гайхамшигтай, зохион байгуулалт дахин давтагдашгүй байлаа. Цар тахлыг даван туулсны дараа бид хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа байх ёстой” хэмээн энэ олимпыг дүгнэнгээ ирээдүйн зорилгоо сануулан хэлэв.

 

Эх сурвалж: МҮОХ