Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг зээлээ яаралтай эргэн төлөх чиглэл өгчээ

A- A A+
Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг зээлээ яаралтай эргэн төлөх чиглэл өгчээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг өнөөдөр /2022.03.02/ танилцууллаа. Тус шийдвэрүүдийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой гарсан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгд дөхөх хэмжээний үнийн дүнтэй байгаа юм.  Үүнтэй холбоотой Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан Төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ.  Цаашид төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас зээл авдаг, үр өгөөжгүй зарцуулдаг, эрсдэлгүй мэт ханддаг энэ асуудалд анхаарах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

Өнөөдрийн танилцуулсан мэдээллээр чанаргүй зээлүүдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн байна.

Тус банкнаас зээл авсан 2 цементийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа. Энэ жил 2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд дээрх 2 цементийн үйлдвэрээс цемент авч, төлбөрийг нь Хөгжлийн банканд тушааж, зээлээс нь хасаж, чанаргүй зээлүүдийг бууруулах зэрэг өөр ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж болох талаар судлахыг чиглэл болгожээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлэхтэй холбоотой төлбөрийг “Монголиан коппер корпорейшн” компанитай хэлцэл хийх замаар, харилцан суутгах хэлбэрээр төлбөрийг барагдуулна гэсэн УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн байдаг.  Гэвч Засгийн газраас байгуулагдсан үе үеийн ажлын хэсгүүд хэлцэл хийж, харилцан суутгал хийж, төлбөрийг барагдуулах оролдлого хийсэн боловч өнөөдрийг хүртэл амжилттай болоогүй. Нөгөө тал харилцан хамаарлаа хүлээн зөвшөөрдөггүй учраас хэлцэл үр дүнгүй болж, харилцан суутгал хийж болдоггүй. УИХ-ын тогтоолын хэлцэл гэдэг гогцоо үгнээс болж шат шатны шүүхэд ялагдаж ирсэн.    Хөгжлийн банкнаас Хөтөл ХХК, “Кью эс си” ХХК-д олгогдсон зээлийн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад оролцсон байдаг. Хөгжлийн банк улсын мэдлийн банк учраас улсын мөнгөөр үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан хэмээн МУ-ын Засгийн газар үзэж, авлагаа харилцан суутгах замаар төлбөр тооцоог барагдуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах процессыг бүрэн дуусгах бодлогыг Засгийн газар давхар баримталж байгааг хэллээ.

Өнгөрсөн 4 жилд Хөгжлийн банкны хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хамгийн том дэвшил нь төвбанк хяналт, шалгалт хийдэг болсноор хяналт, шалгалт илүү сайжирсан хэмээн үзэж байна. Учир нь 2017 оноос өмнө Засгийн газар өөрийн аудитын байгууллагаар шалгуулдаг буюу өөрөө өөрийгөө шалгах зохисгүй хэлбэртэй байсан юм.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа бөгөөд тус ТУЗ-д төрийн албанаас болон хараат бус гишүүд томилогддог.  Шинэ бүрэлдэхүүнийг хуулийн хүрээнд томилон танилцуулах аж.