Улаанбаатар хотын дугуйн замыг энэ жил 49.66 км-ээр нэмнэ

A- A A+
Улаанбаатар хотын дугуйн замыг энэ жил 49.66 км-ээр нэмнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өнгөрсөн жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд  49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад:

  • Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ.

Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр  өргөн унадаг дугуйн болон явган хүний  замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn