УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар байна. Өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалт яам, Үйлдвэрлэл технологийн парк, Мэргэжлийн холбоод оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн үг хэллээ. Тэрбээр төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөр технологи хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баримт бичгүүдэд тодорхой бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хөгжүүлэх талаар заасан байдаг.
Тухайлбал уул, уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн парк байгуулах, малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр технологийн парк байгуулах, дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байр нэмэхээр тус тус тусгасан. Гэвч 2009 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан гэв.
Шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөлж, эрчим хүч, дулаан газар инженерийн шугам сүлжээ зэргийг төрөөс бүрэн шийднэ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав. Анх 2003 онд Төрийн бодлого гарч “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан. Ингээд Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд арав гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулна.
Улсын Их Хурлын Тамгын газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн. Үнэлгээнд Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, татварын дэмжлэг таатай орчин бүрдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа хэт богино байгаа нь хөрөнгө оруулах боломжийг удаашруулж байна гэж дүгнэлтээр тодорхой гарсан. Өнөөдрийн байдлаар 11 хуулийн этгээд үйлдвэр, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авсан ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нэг ч парк байхгүй. Иймээс хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэв.
Шинээр боловсруулж буй шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын хэсэг ярилцжээ.
Тухайлбал шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөлж, эрчим хүч, дулаан газар инженерийн шугам сүлжээ зэргийг төрөөс бүрэн шийдэх, хямд түүхий эдээ боловсруулан нэмүү өртөг шингээж, өндөр үнэтэй экспортлох боломж бүрдүүлнэ гэв. Үүний дараа Хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн З.Мэндсайхан, Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан бүсүүдийн төвүүдэд парк байгуулах бодлогоор явж буй энэ үзэл баримтлал хэвээр эсэх, ашигт малтмалын хуультай хэрхэн нийцүүлсэн, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулах паркуудыг хэрхэн дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг хэрхэн бодлогоор татах, хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэхээр хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асууж, тодруулав.
Хүний нөөцөд тулгуурласан бодлогыг барьж, боловсон хүчнийг тасралтгүй болгох, паркийн санхүүжилт, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хөрөнгө оруулалт түүний хэлбэрийг тодорхой болгох, паркийн менежментийн асуудал,паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заах зэрэг асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.