ОХУ Киев, Черниговоос цэргээ татна

A- A A+
ОХУ Киев, Черниговоос цэргээ татна

ОХУ болон Украины төлөөлөгч нарын мягмар гарагийн хэлэлцээний дараа ОХУ Украины нийслэл Киев болон умардын Чернигов хотод цэргийн тусгай ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн байна.

ОХУ эдгээр бүс нутагт цэргийн тусгай ажиллагаагаа зогсоохоо мэдэгдсэн ч талууд гал зогсоох хэлэлцээрт хараахан хүрээгүй байна. Үүнээс өмнө ОХУ-ын цэргийн командлагч нар цэргийн хүчээ Украины хойд хэсгээс татан, зүүн бүсэд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. ОХУ-ын цэргүүд Украины зүүн хэсэгт байрлах Мариуполь хотыг бүслэн аваад байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээний явц нааштай байгаа ч ОХУ-ын бөмбөгдөлт зогсох шинжгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр Украины газар нутгийн халдашгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд ямар ч буулт хийхгүй гэдгийг дахин сануулсан байна. Мөн “Мөргөлдөөн зогсохоос өмнө ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг сулруулах талаар хэлэлцэхгүй байх ёстой” гэж онцолжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бодит өөрчлөлт гарах хүртэл ОХУ-ын мэдэгдлийг нухацтай хүлээн авахгүй гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч ОХУ Украины зүүн хэсэг дэх Донбассаас ч цааш тэлэх зорилготой байгаа гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл ОХУ цэргээ татахаас илүү цэргийн хүчээ дахин төвлөрүүлж гэж байна гэж дүгнэсэн байна.

М.Аминаа