Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад бэлэн ч нөлөөлөлд автсан иргэд асуудал болоод байна

A- A A+
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад бэлэн ч нөлөөлөлд автсан иргэд асуудал болоод байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц, тулгамдаж буй асуудал, 2. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны худалдан авах ажиллагааны тайлан, 3. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, 4. Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц зэрэг 23 асуудал хэлэлцэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Эрчим хүчний яамнаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаарх мэдээллийг Засгийн газарт танилцууллаа. Барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц асуудал нь нөлөөлөлд автсан иргэд.

Шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа 270 өрх бий Үүний ард 1251 иргэн байгаа. Эдгээр иргэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгож байна. Энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Мөн биет бус соёл, үнэт өвийн үнэлгээг хийлгэхээр Засгийн газарт танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар нөлөөлөлд автсан иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй, дээшлүүлж, ойлголцолд хүрсний дараа үйл ажиллагааг эхлүүлнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан агаарын чанарын бүсэд хамрагдсан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг Төр хариуцаж байгаа. Гэр хорооллын олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа учраас энэ төлбөр жилээс жилд өсөж байгаа. Тодорхой хэмжээний өр, авлага үүссэн. Үүнийг барагдуулаад явж байгаа, онцын хүндрэл үүсээгүй.