“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа

A- A A+
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
 
Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ.  
Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна. 

“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина
 
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг иргэдтэй уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтэд дурдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаарх ажил хэрэгч саналыг судлан дүгнэлт хийж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлснээр буюу энэ сарын 1-нээс иргэдээс өдөрт хүлээн авах санал, хүсэлтийн тоо 5-6 дахин нэмэгджээ. Санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд нь мөн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлыг хугацаанаас нь өмнө шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн асуултад бодитой хариу өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нарт даалгалаа.
 
Ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана
 
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон.  Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.
“Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ярьжээ.
Мөн “Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэжээ.
 
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
 
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Тус хуулийг шинэчлэн баталснаар,
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
 
Товч мэдээ
·      Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.    
·      УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
·      Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Дашийн Билэгдоржийг томиллоо.
·      Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар