Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төсөвт тусгаж байхаар болов

A- A A+
Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төсөвт тусгаж байхаар болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолд: 

Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Соёлын яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран эрх бүхий байгууллагын баталгаажуулсан ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах кампанит ажлыг жил бүр зохион байгуулах, холбогдох зардлын эх үүсвэрийг шийдвэрлэх;

Хялгас ялгах болон түүнээс дээш боловсруулах тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй, самнаж боловсруулсан буюу хялгасыг ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх;

Хялгасыг нь ялгаж боловсруулсан ноос, ноолуур, ээрмэл болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 1 /нэг/ их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг жил бүр бүрдүүлэх;

Үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг эргэлтийн хөрөнгөнд 2 жилийн хугацаатай жилийн 3 хувь, хөрөнгө оруулалтад 8 жилийн хугацаатай жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож, хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгах;

Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох тусгай сан байгуулах асуудлыг Сангийн яам судлан Улсын Их Хуралд танилцуулах;

Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын их дээд сургуульд суралцах оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам боловсруулан хэрэгжүүлэх;

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дэргэдэх хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх, шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацыг хөгжүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлэх;

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн хувцасны ноос, ноолууран даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах тухай заажээ.