УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр дөрвөн асуудал хэлэлцжээ. “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна.
Тогтоолын төслийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэв. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд заасан шаардлагын дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй тус тус уялдуулжээ.
Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан энэ оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа, 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан гэдгийг Б.Жавхлан сайд онцоллоо.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ.
Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан.
Монгол Улсын хөгжлийн ирэх оны төлөвлөгөөний төсөлд
Хүний хөгжлийн бодлого,
Эдийн засгийн бодлого,
Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого,
Ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого,
Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц арга хэмжээг тусгажээ.
Ингэхдээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тооцжээ. Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардана. Үүнээс
Улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,
Гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг,
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг,
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг,
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг,
Бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулахын зэрэгцээ өмнөх жилүүдийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн.
Илүү цэгцтэй томьёолж оруулж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн 2021 оны төлөвлөгөө Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 15 хувь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 19 хувь, 2022 онд үндсэн чиглэлийн 38 хувь, мөрийн хөтөлбөрийн 42 хувь, 2023 онд үндсэн чиглэлийн 63 хувь, мөрийн хөтөлбөрийн 67 хувьд тус тус хүрнэ гэж тооцож, төлөвлөлтүүдээ хийсэн. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 75 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ бүгд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэнэ. Түүнчлэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжинэ гэлээ. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжжээ.