“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна

A- A A+
“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна

“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Чуулганыг угтан салбар хэлэлцүүлгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 13-аас тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хоёр үе шаттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, бүх яам, агентлаг, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, хүүхэд, эцэг эхийн төлөөллөөс 41,211 хүн оролцсон. Салбарын хэмжээнд 107 санал, үндэсний хэмжээнд 118 саналыг хэлэлцэн шийдлийг эрэлхийлж, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцын “хүүхдийн дээд эрх ашгийг хангах” үндсэн зарчимд тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу “хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллах нэгдсэн зөвшилцөлд хүрсэн.

Чуулганыг

Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,

Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,

Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал,

Олон нийт, соёл, спортын арга хэмжээн дэх хүүхэд хамгаалал,

Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн ээлтэй орчин, дэд бүтцийн хүртээмж,

Хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх,

Байгууллага, аж ахуй нэгж нь ажилтан, албан хаагчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,

хүүхдийн дээд эрх ашгийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлье зэрэг сэдвээр хэлэлцүүлсэн юм.

Чуулганы төгсгөлд эцэг, эхчүүд хүүхдээ ойлгож, асуудлыг нь сонсож тэднийг аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхийг зөвлөмж болгон Хүүхдийн эрхийн конвенцын “хүүхдийн дээд эрх ашгийг хангах” үндсэн зарчимд тулгуурлаж, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт “хүүхэд хамгааллын энэ бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна

Байгууллага ажилтныхаа ачааллыг тэнцвэржүүлж, нялх хүүхэд эцэг, эх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор ажилтнууд хүүхдүүддээ цаг гаргах боломжоор нь хангах хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлоготой байхыг гол болгоно.